Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт явуулж уламжлагдан ирсэн аймаг, хошуудыг аймаг, сум, баг гэсэн засаг захиргааны бүтцэд шилжүүлэн халх 4 аймаг, Ховдын хязгаар, 100 гаруй хошууг 13 аймаг, сум болгон өөрчлөв. Зүүнбүрэн уулын хошуу (Хуучнаар Эрдэнэ вангийн хошуу), Бүрэнхан уулын хошуу (Ахай гүний), Булган хан уулын (Дайчин вангийн) (Зураг №1-ийг үзнэ үү) хошуудын нутгийг хамруулсан 17 сумтай, газар тариалангийн аймаг байгуулагдав. 1932 онд аймгийн нэрийг өөрчлөн Сэлэнгэ аймаг хэмээн нэрлэсэн. Аймгийн 17 сумын нэг нь БНАМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ний өдрийн 5-р тогтоолоор байгуулсан Ерөө сум билээ.
Газар нутаг нь хуучин Ерөө голын хошууны нутаг дэвсгэрийн баруун ба баруун хойд талаас шинээр байгуулагдсан Орхон-Шаамар, Алтанбулаг сумдад газар нутаг таслан өгч, харин зүүн тийш тэр үеийн ЗХУ-ын хил, мөн шинээр байгуулагдсан Хэнтий аймаг, өмнө талаараа Төв аймагтай хиллэсэн Ерөө голын бүх ай савыг багтаасан 1235.2 мянган га талбай бүхий уудам дэлгэр нутгаар хилийн цэсийг тогтоожээ.